Манай орны зүүн хязгаар Дорнод Монголын уудам тал нутаг, Буйр нуурын хөвөөнд Солонгосчуудын өвөг дээдэс болох Гоулинчууд амьдарч байжээ. Тэдгээрийн гарал үүслийн талаар баримтан дээр тулгуурлан товч авч үзье.
Х.Лувсанбалдан, Ц.Шагдарсүрэн нар "Монголчуудын бичиг, үг хэллэгийн түүх гарлаас" \1971\ бүтээлдээ: МНТ-ны үеэс даруй 1300-аад жилийн өмнө \одоогоос 2000 жилийн тэртээ\ Байгаль далайн тэртээх хори-түмэдийн газрын Хори улсаас ирсэн хүмүүнийг хаанаараа өргөмжилсөн "Когурйе" улс МЭ-ний 59 онд Халхын голоор оршин тогтнож байжээ.
Когурйе нар МЭ-ний 59 онд тулгар төрөө байгуулж байсан Төв Азийн нүүдэлчин Хойт Пүйеө \Буйр аймгийнхан\-гөөс гаралтай гэдгийг Солонгос, Нанхиад түүх судар, Когурйе хаадын булшны бичиг, дурсгалын зүйлээр нэгэнт нотлогджээ \Д.Д\. Вэй улсын бичигт: Пүйеөгийн ван бөгөөд уг гарбалаараа хойт зүгийн Хори улсын Тонмйон \Түмнэн Т.Г\ нэртэй хүн \ХТӨ58-18 онд амьдарч байсан\ урагш явсаар "Halkhin gol" \Халхын гол Д.Д\-д хүрэв гэжээ. Эрдэмтэн Б.Сумъяабаатар "Монгол, Солонгос туургатны угсаа гарал хэлний холбооны асуудалд" \1975\ бүтээлдээ: Хятадын Цагаан хэрэмийн орчимд байх 6 м өндөртэй нэгэн хөшөөнд Солонгосчуудыг Хори аймгийнхнаас гаралтай, нүүдэллэн ирсэн улс болохыг харуулсан байдаг гэж бичсэн байсан. Эдгээр эх сурвалжуудаас үзэхэд одоогийн Дорнод Монголын өргөн уудам тал нутаг, цэнгэг уст загас, усны шувуудаар элбэг Буйр нуурын хөвөөнд одоогийн Солонгосчуудын нэг хэсгийн дээд өвөг болох Хори буриадууд нутаглан амьдарч байжээ. Үүний нэгэн нотолгоо нь Хори буриадын удам болох "Гоулин буюу Гаулин\Д.Д\"-чуудын эрт үед амьдарч байсан барилгын туурь Монголын зүүн хязгаар Буйр орчимд хоёр ч газар бий. Нэг нь Халх голын цутгалаас дээш 20 орчим км-т, хуучин сумын төвийн ойролцоох оршуулгын газрын дэргэд, нөгөө нь Буйр нуурын баруун урд эрэгт амралтын газар байгуулагдсан Хясаа толгойн хавьд бий \Д.Д\.
Эрдэмтэн Х.Пэрлэй, Д.Майдар нар Халх гол, Гүү, Азарга, Сүмийн нуур зэрэг газруудад Гаулины бууцны үлдэгдэл байдгийг нотолжээ. Үүнээс үзэхэд эрт цагт Монголын зүүн хязгаар нутагт Хори аймгийн өвөг дээдэс, Солонгосын Пүйеө омгийнхон амьдран сууршиж байжээ. Солонгосын Пүйеө, Хори буриад хоёрын тотем адилхан хун шувуу бөгөөд энэ тухай "Советская этнография" сэтгүүлийн 1972 оны 3-рт Солонгос орноор явсан ЗХУ-ын \Хуучин\ угсаатан судлаач бичихдээ: Солонгос нарын дунд хун шувуун гарбалтай овог, аймаг олон байна. Тэдний уг язгуурын болох Солонгос хүн нуурын эргээр явж байтал тэнгэрийн охид хун шувууны дүрээр буун ирж нуурын усанд орж шумбан наадаж гарав гэх. Мань эр нэгэн дагинын хувцсыг нуун, өөрөө нуугдаж байхуй дор тэнгэрийн охид уснаас гарч, хун шувуун хувцсаа өмсөцгөөж нисэн оджээ. Хувцсаа олохгүй үлдсэн нь сайхь эрийн гэргий болсноор олон хөвгүүд төрүүлсэн нь эдүгээгийн Солонгос \Корей\ болсон түүхтэй юм гэж нэгэн тариачин Солонгос өвгөний ярьсныг тэмдгэлсэн буй \Д.Д\. Солонгосын Пүйеө нар өөрсдийгөө энэ газар дүрвэж ирсэн улс гэж түүхнээ тэмдэглэсэн байдаг нь Хори буриад нарын, бидний өвөг дээдэс эрт цагт зүүн өмнө \зарим хувилбарт баруун өмнө зүг гэх нь бий. Т.Г\ зүгээс нүүж ирсэн улс. Тэнд Наян-Наваа, Заян-Наваа гэж уул, Бад Ёо нутаг, Бичигтийн цагаан чулуу гэдэг газар бий гэж ярьдаг ажээ. Эдгээрийг бичих болсны учир нь эртний түүхээ судлан түүхэн аялал жуулчлалд татан оролцуулах, Хөтөч-тайлбарлагчийн мэдлэгийн санд хувь нэмэр оруулахыг зорисон бөлгөө.
Дорнод Дээд Сургуулийн аялал жуулчлалын багш магистр Б.Доржпүрэв