Нийт нутгаар тархмал амьдрах боловч ихэнхдээ хүмүүсийн амьдрах орчин суурин газрууд, хөдөө айлын хот бууц бараадан амьдардаг учраас ийм нэр авсан байж болох юм. Биеийн урт нь 230-250 мм орчим бөгөөд харьцангуй жижиг биетэй. Маш чимээгүй сүүдэр мэт нисэхээс гадна нисч явахад нь далавчны үзүүрүүд нь дугуй хэлбэртэй харагдана.
Хавтгай нүүр, тод ногоон нүд, богинохон сүүлтэй, биеийн өнгө нь ерөнхийдөө цайвар бор, нуруу, толгойн ар, далавчны дээгүүр цагаан толботой харагдана. Айлын малын саравч, хад чулууны нүх завсар 4 сарын дундаас 5 сарын эх орчимд ихэнхдээ 4-5 цагаан өнгийн өндөг гаргаж дэгдээхэйгээ эр, эм хоёул идэвхитэй тэжээж өсгөдөг. Харуй бүрийгээр нүх хонгилоосоо нисэн гарч жижиг шувууд, гүрвэл, хулгана, шавьж барьж хооллох бөгөөд шөнө харанхуйд хүүхэд орилох, хашгирах мэт янз бүрээр гүүгэлэн дуугардаг учраас хүмүүс жигшиж дургүйцэх, үхээрийн шувуу хэмээн нэрлэх нь бий. Хүнээс тийм ч үргэмтгий биш, ялангуяа өөрийн амьдардаг саравч бууцны хүмүүсээс айж үргэх нь бага. Нүүдэллэдэггүй суурин шувуу.