"Ховор амьтадын хамгаалалт муу байна"

Манай улсад төв Азийн унаган амьтад голдуу амьдардаг бөгөөд 139 зүйлийн хөхтөн, 466 зүйл шувуу, 22 зүйлийн өсгөгч, найман зүйл хоёр нутагтан, 76 зүйлийн загас, 36 зүйлийн нялцгай биетэн, 12000 зүйлийн шавьж бүртгэгдсэн байна. Үндэсний Аудитын Газраас Монгол орны нэн ховор, ховор амьтны хамгаалалтын байдалд шалгалт хийжээ. Монгол орны нэн ховор, ховордсон ан амьтдын тоонд мазаалай, бөхөн, хавтгай, аргаль, янгир, минж, ирвэс, хойлог, тахь, цаа буга, шивэр хандгай, буга, хулан, хар сүүлт, халиу, хүдэр, хар сүүлт, туль, шонхор зэрэг нийт 19 амьтад ордог. 

БОАЖЯ-ны мэргэжилтэн Н. Жаргалсайханаас ховор ан амьтдын талаар тодрууллаа.

Өнгөрсөн жилийн зуднаар Говь-Алтайн тахийн тоо багассан гэсэн, цастай, зудтай үед өвс тэжээлийн асуудлыг яаж зохицуулдаг вэ? Мазаалайн тоо толгой хэд байгаа вэ?

Өнгөрсөн жил зуд болсны дараа асуудал яригдаж байсан. Мазаалай, Хулан, Тахь хүйтрэх үед амьдрал нь хэцүү бэрх болдог амьтад бүртд онцгой анхаарах шаардлага гарч ирдэг. Зуданд зориулсан хөрөнгө мөнгө байдаггүй, гэхдээ байгаль хамгаалах сангаас зарцуулах ёстой. Өнгөрсөн жилийн хувьд зудны дараа 30 гаруй сая төгрөг яамнаас гаргаад орон нутагт нь шилжүүлж байсан. Саяхан Сүхбаатар аймгийн Байгаль орчны дарга Идэрбат ярьж байсан «60-аад угалзтай болсон, өвс тэжээлийн асуудлыг шийдэж өгөөрэй, өвс авах хүсэлтэй байгаа» гэсэн. Энэ мэтчилэн асуудлыг урьдчилан тавих хэрэгтэй. Тахийн толгой хорогдсон, энэ нь хүйтэнтэй холбоотой байсан, мазаалайн хувьд тооллого явуулсан 26 бодгаль байгаа. Хавар яаман дээр хэлэлцээд Засгийн газраас 100 гаруй сая төгрөгийн зөвшөөрөл авсан. Шууд хамгаалалтад авахаар устах аюултай, байгалиараа л байсан нь дээр гэж зарим эрдэмтэд үздэг. Кувейтын сантай ярилцаж байна. Мазаалайг хамгаалах санд хөрөнгө хүч төвлөрүүлэх талаар ажил хийж байна.

Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхай, нэн ховор, ховор ан амьтдын амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Нэн ховордсон ан амьтдыг хамгаалах ой хамгаалагч гэж байдаг уу?
Өмнө-говь аймагт Монгол Улсын нэн ховор, ховор амьтад ихтэй газар, дээр нь байгалийн баялагтай. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж байгаа, энэ үнэлгээндээ ховор амьтдын нүүдэл суудал, шилжилтийг нарийн гаргах гэж оролдож байна. Тавантолгой, Оюутолгойгоос Хятадын хил хүртэл 32 салаа зам явж байгаа. Зам тавих ажлууд хийхдээ байгаль орчны үнэлгээ хийгддэггүй, байгаль орчны үнэлгээгүйгээр хяналтын газруудад зөвшөөрөл өгч байгаа. Байгаль орчны яаманд үнэлгээ хийх эрх нь байдаггүй, өнгөрсөн хойно нь үнэлгээ хийгддэг. Ховордсон амьтныг хамгаалах хамгаалагч байхгүй байгаа, нормоороо байх ёстой 150 байгаль хамгаалагчийн асуудал шийдэгдээгүй, 100 гаруй тусгай хамгаалалттай газар ажиллах хүний асуудал шийдэгдээгүй, улсын төсөв хүрэлцэхгүй, яамны хувьд 48 хүнтэй л ажиллаж байна. Ер нь байгаль хамгаалах ажлыг бүх нийтээрээ олон нийтийн санаачлага хөдөлгөөн, ТББ байгууллагуудтай хамтарч хийх хэрэгтэй.

Сүүлийн үед иргэд өөрсдийн амьдарч байгаа нутаг усаа, ойгоо бүлгээрээ нэгдэн хамгаалж эхэлж байгаа нь их чухал. Байгаль, ан амьтнаа хамгаалаад өөрсдөө хишиг хүртэх байдал дутмаг, үүнийг зохицуулж эрх зүйн орчинг бүрдүүлээд өгвөл иргэдийн санаачлага ч сайжирна.

Нэн ховор, ховор амьтад аль нутгаар элбэг нутагладаг вэ?
Тусгай хамгаалалттай нутгаар амьдардаг. Тусгай хамгаалалттай газруудад ажилладаг байгаль хамгаалагчийн тоо чадавхи дутмаг. Олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. «Биосан» программыг 2011 онд Монгол орон даяар хэрэгжүүлнэ. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд, тухайн амьтныг газар дээр нь хичнээн ширхэг, хэрхэн амьдарч, хаашаа, яаж шилжиж байгаа талаар мэдээллээ өгөхөд зохицуулалтад оруулан, тоо толгойгоор нь бүртгэнэ. Иргэдийн нөхөрлөл ихээр байгуулагдаж байгаа.

Нэн ховор амьтдыг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
Хууль бус агнагсдад хариуцлага тооцох эрх зүйн орчин дутмаг. Ховор амьтдыг агнах, барих, тусгай зөвшөөрөл олгох журмыг бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Мөн нэн ховор, ховор амьтдыг хууль бусаар агнах, эд эрхтнийг худалдаалах, чимэглэлийн зориулалтаар ашиглах байдал гарсаар байна. Тухайлбал Ховд, Завхан, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Говь-Алтай, Төв, Хөвсгөл аймагт 12 төрлийн 200 толгой нэн ховор амьтныг хууль бусаар агнасанаас ойролцоогоор 1,1 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан.

БОАЖЯ-наас нэн ховор, ховор амьтдыг хамгаалах ажлын үр дүн хангалтгүй, Монгол Улсын «Улаан ном»-д бүртгэгдсэн ан, амьтны ангилал нь Дэлхийн байгаль хамгаалах холбооноос гаргасан «Улаан дансны» ангилалтай уялдахгүй байна гэж Аудитын газраас дүгнэжээ. Мөн тухайн жилд ан амьтан агнах босгыг нөөц тооцолгүй тогтоодог, ховор амьтдыг агнасны төлбөр хураамжаас эргээд хамгаалалтад зориулж хөрөнгө гаргадаггүй, торгууль, экологи эдийн засгийн үнэлгээ бага, хууль бус агналтыг таслан зогсоож чадахгүйд хүрч байна гэж үзлээ.

Ховор амьтдыг агнах төлбөр хураамж сүүлийн таван жилд 17,6 тэрбум төгрөг төвлөрсөнөөс улсын төсөвт 15,3 тэрбум, байгаль хамгаалах сан болон орон нутгийн төсөвт 2,3 тэрбум төгрөг байна. Нийт орлогын 71,6 хувь буюу 12,6 тэрбум төгрөг нь шонхор шувууны төлбөр хураамжийн орлогоос бүрджээ. Эндээс харахад ховор амьтдыг агнасны төлбөр хураамжаас амьтдыг хамгаалахад хөрөнгө бага зарцуулдаг аж. Тухайлбал 2006-2010 онд ангийн төлбөр хураамжаас 17,6 тэрбум төгрөгийн 326 сая төгрөгийн нэн ховор, ховор амьтдын нөөцийг тогтоох, судалгаа шинжилгээ хийх болон биотехникийн арга хэмжээнд зарцуулсан нь дөнгөж 1,8 хувь болж байна.

Зэрлэг ан амьтдыг хуулийн дагуу нэн ховор, ховор, элбэг гэж гурав ангилдаг. Нэн ховорт тархац нутаг нь бүхэлдээ, эсвэл ихэнх хэсэг тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй устах аюул тулгараад байгаа амьтдыг хэлдэг. Ховор амьтад нь тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрч, нөөц багатай устаж болзошгүй ан амьтад ордог байна.

Д.Эрдэнэсувд эх сурвалж: МОНЦАМЭ

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ